top of page

Төрөл бүхэндээ билэг төгс багш лугаа
Төөрч хагацалгүй номын шимийг хүртээд
Газар мөрийн эрдэмийг машид гүйцээгээд
Очирдарын хутгийг түргэн олох болтугай.

Төрөл бүхэндээ билэг төгс багш лугаа Төөрч хагацалгүй номын шимийг хүртээд Газар мөрийн эрдэмийг машид гүйцээгээд Очирдарын х
_MG_3373.jpg

Махагал,буюу Гомбо гүр

Монголоор Зургаан мутарт итгэл гэнэ. Шашныг хамгаалагч гол Чойжин бурхан бөгөөд Жанрайсиг бурханы догшин дүр юм.Монгол орныг даасан сахиус ч гэдэг.

Гомбо сахиус нь зургаа, арван зургаан мутартайгаар дүрслэгддэгээс монголд зургаан мутартай дүр нь өргөн дэлгэр шүтэгдэж ирсэн байдаг.Гомбо сахиус нь дөрвөн соёог сэрийлгэсэн, гурван улаан мэлмийтэй, сахал үс нь гал мэт бадарч, баруун гурван мутартаа хүний гавлан эрхи, очир дигүг, дамар барьсан. Зүүн гурван мутартаа цуст гавал буюу тодов, очирт сэрээ, цалам барьсан, хөх могойгоор үсээ ороолгон зангидсан, барын арьс нөмөрсөн, ходоод нь цүдгэр, 50 нүгэлтэн хүний толгойгоор эрхи хэлхэн лагшиндаа өлгөсөн, зүүн хөлөө гадагш жийсэн, баруун хөлөө дотогш нугалсан, улан доороо Ганишя хэмээх заан бурханг гишгэсэн, орой дээрээ Мижодба бурханыг залсан, бадарсан их галын дунд наран мандалт бүхий лянхуа цэцгэн сэнтий дээр заларсан байдаг. Гомбо сахиус нь ертөнцөөс гэтэлсэн сахиус юм.Гомбо сахиус нь шашны дайсныг дарна.Гомбо сахиусыг хүн малд тохиолдох гай зэтгэрийг даруулах, барцадаас ангижруулахын тулд урин залж, өргөл хүндлэл гүйцэтгэдэг болно.

Цогт охин тэнгэр буюу Лхам бурхан

"Цогт Төгөлдөр Охин Тэнгэр буюу Лхам бурхан"

битүүний өдөр айл болгоныг эргэдэг.

Арван хангал догшин сахиусын нэг, эх сахиус Балданлхамыг Лхас хот ба Түвдийн тэргүүн Далай ламын сахиус хэмээн үздэгтэй холбоотой онцгойлон тахидаг.

Түвдээр Балдан Лхамо, Монголоор Цогт төгөлдөр охин тэнгэр хэмээх энэ бурхан нь урлагийн бурхан Янжинлхамын хилэнт дүр болой. Монголчууд алдраар нь дуудахыг цээрлэн, хөх юм хэмээн хүндлэн нэршсэн түүхтэй.

Балданлхам бурхан нь эргэлдсэн улаан далайн төвд хуй салхи үймцсэний дотор хонгор халзан луусын нуруунаа хөхөмдөг дүртэй, догшин байдлаар сандайлан морилсон, нэг нигуур, хоёр мутартай, баруундаа бэрээ далайсан, зүүндээ гавал барьсан, амаа ангайж, дөрвөн хурц соёог сэрийлгэн, дугариг улаан мэлмий эргэлдүүлсэн, баруун сонороо арслан, зүүнээ могойгоор чимсэн, нойтон барын арьсан хормогч лугаа асаан ажирдаг.

Голлогч шадар дөрвөн тэргүүтэй, 12 нөхөд сэлтээр хүрээлүүлэн баймуй. Балданлхам эгэл Монголчуудын дунд Лхам сахиус гэх нэрээр ихэд алдаршсан бөгөөд оны эцсийн сарын битүүнд айл өрх бүрээр айлчилж ирдэг гэдэг.

Мянган бурханы ном номлож, шашныг дэлгэрүүлэх болгонд гадны хорлох гай барцад саадыг даран зохиож, сахин хамгаалах тангарагтай Лхамын хөлөг нь нэгэн агшинд 3000 ертөнцийг эргэх шидтэй.

Урьд шашин дэлгэр байсан цагт сүм хийд битүүний шөнө тусгайлан бэлдсэн сүмд Лхам бурханыг тахиж, үүдэнд элс асгаж, өглөө гэгээ орох үед үзэхэд луусын мөр гарсан байхыг хардаг байсан гэлцдэг.

Лхам бурхан нь ялгамжтайгаар онцолж, замбуутивийг битүүний шөнө эргэж, амьтны зовлонг нимгэлэх тул гэрийн тотгон дээр гурван ширхэг мөс тавьдаг.

Энэ нь хонгор халиун луусын унд бөгөөд бие, хэл, сэтгэлийн өргөл болгож, буян хурааж байгаа үйл юм. Шинийн нэгний өглөө эртлэн босоод ургах нар луу харж, Лхам бурханы зүрхэн тарнийг уншихад тэр жилийн гай барцад бүгд арилж, нас буян нэмдэг гэж үздэг.

Лхамын зүрхэн тарни нь: Жо рогму жо, рогму жо жо, рогму түнжо, хала рагчэнму, рогму ажа дажа, түнжо рүло рүло, хум жо хум.

Долоон үе болгож, энэ тарнийг уншихад долоон гишүүнтийн дээд тахил болдог нууц увдистай.

Домог сөхвөл, эрт цагт Тэнгэр Асури хоёр хоорондоо ихэд тэмцэлдэж, Асури хүч ихтэй тул дийлдээгүй аж.

Тэгтэл тэнгэр орны хаан дайсныг дарах баатар хүү төрүүлмүй хэмээн ерөөл тавьсан боловч охин төржээ. Хаан эцэг ихэд гонсойн хэрэгсэхгүй байсанд хатан охиндоо Мипам Тоннир хэмээх нэр хайрлан өсгөж гэнэ.

Хожим нь Мипам Тоннир хүчит Асури нарыг гэгээвчээр туссан нарны гэрлийг унан олон тэнгэр баатар нарыг хүйсэндээ нуун, дайсны оронд хүрч юүлэн тавьснаар олон гайхамшигт рид хувилгаанаар дарсан гэдэг.

Түүнээс хойш Балдан магсор жалмо буюу Цогт цэргийн ялгуусан илд болсон эх гэж өргөмжлөн нэрлэх болжээ.

Мөн лусын их могойг Хангарьд шувууны аюулаас аварсанд Лусын хаан их бишрэл, хүндэтгэлээр могойн чуулганыг тахил болгон өргөсөнд Лхам бурхан түүнийг өөртөө ээмэг зүүлт, луусандаа хазаар, ганзага, уяа чимэг болгон хэрэглэсэн гэдэг домогтой.

Шинийн нэгний өглөө эртлэн босоод ургах нар луу харж, Лхам бурханы зүрхэн тарнийг уншихад тэр жилийн гай барцад бүгд арилж, нас буян нэмдэг гэж үздэг.

Лхамын зүрхэн тарни нь:

Жо рагму жо, рагму жо жо, рагму түнжо, хала рагчэнму, рагму ажа дажа, түнжо рүло рүло, хум жо хум.

Хамаг амьтан өвчингүй эрүүл энх байж, айх аюулгүй, амар амгалантай, урт насалж, удаан жаргах болтугай.

_MG_3537.jpg
_MG_3274.jpg

Эрлэг номун хан буюу Дамдинжойжоо

Дамжан чойжоо сахиусыг монголчууд эрлэг номун хаан хэмээн нэрлэдэг. Эрлэг номун хааны гарал үүслийн талаар сударт өгүүлэхдээ “ертөнц тогтох галав эхлэх үесд нүгэлийн үйл хязгааргүй их болжээ. Ялангуяа өмнө зүгийн бэрдийн ягчис, мах идэштэн, эрлэгт баясагч хилэнцтэн нугууд бээр огоот төгс санваар сахигч бодьгаль нугуудад машид хорлолтой байжээ. Ийнхүү нүгэлийг хийх нь их, буян үйлдээчин ховор болсон тул Очирваань, Ханд дагин хоёр их нигүүлсэхүй сэтгэл хүчтэй төрүүлээд Манзуширт хүчтэй залбирхад тэрээр Эрлэг номун хаан болж хувилаад амьтан нугуудийн мах цус ясаар амьдрагч аймшигт орон эрлэгийн хот 16 давхар төмөр догшин эрлэгүүд өөрийн зоргоор амьдрагчидыг номхотхогын тулд тэдний хаан болон төрөл авчээ.

Тэр цагт мөн Манзушир бээр Ямандагын байдалтайгаар сумбэр уулнаас өмнө зүгт далайн хязгаар эрлэгийн хот түүнд заларч 16 давхар төмөр өргөөг 16 өлмийгөөр дарж ха ха хи хи тэргүүтэн инээж элдэв ирд хувилгаан үзүүлхэд өргөө нь хөдлөн бүгд дагжин чичирч Эрлэгийн хаан өөрөө амин зүрхээ өргөн таны зарлигыг насаараа дагая хэмээн тангараглан Ямандагт сөгдөв гэнээ. Түүний адил түшмэл албат бүгдээр сүжиглэн дагаж буяны үйлсийг тэтгэж нүгэлийг тэвчих болжээ". Ийнхүү Эрлэг номун хаан (Дамжан чойжоо) Ямандаг бурханы зарлигыг дагагч номын их сахиус болсон түүхтэй.

Диваажингийн бурхан авид Буюу Амитаба

Буддын шашны язгуурын таван бурхан бүр өөрийн гэсэн бэлгэдэлтэй бөгөөд Амитаба нь атгаг жижиг бодол, шуналын сэтгэлийг арилгаж, бусдын төлөө мэргэн санаа, жам ёсны зүй тогтол, арга билгийн бурхан.

 

Гэгээ цацруулсан Амитаба бурхны дүр төрхөнд нь энх амгалан, нүдэнд амар амирлангуй харц, цог заль, эрч хүч, бодлын асар хурд, аманд мэргэн цэцэн эцсийн шийдвэр тогтжээ.

Мэлмийд нь харж буй хэнбугай ч амар багтах аж.

Амитаба
Аяа Амитаба

Нэр нь Одбагмэд гэдэг ба Амитаба нэрээр сүсэгтнүүд илүү мэддэг. Нээгдэн буй бадамлянхуа цэцгийн дүрстэй дугуй суурин дээр очих суудлаар заларч, баруун гараа зүүн дээр давхарлан алгаа дээш харуулсан нь эрхэмсэг байдлыг илэрхийлжээ. Оюунлаг тэргүүндээ зэндмэнэ эрдэнэ бүхий лянхуа цэцгийн таван дэлбээтэй титэм зүүжээ. 

Буддын шашны язгуурын таван бурхан бүр өөрийн гэсэн бэлгэдэлтэй бөгөөд Амитаба нь атгаг жижиг бодол, шуналын сэтгэлийг арилгаж, бусдын төлөө мэргэн санаа, жам ёсны зүй тогтол, арга билгийн бурхан.

Амитаба бурхны нэрийг монголчлон оруулваас Амита гэдэг нь Цаглашгүй, Хязгааргүй гэсэн утгатай самгарди үг агаад энэ нэрээр нэрлэгдсэн бурхан нь буддын шашны номлол сургаалаар бол Цаглашгүй гэрэлт, Цаглашгүй наст бурхан. 

Амитаба бурхны бие лагшнаас цаглашгүй их гэрэл гэгээ цацарч, ариун Сугаавадийн орон буюу диваажингийн орныг ашид гийгүүлэн гэрэлтүүлжээ. Жирийн эгэл хүмүүн бээрд бясалгал номын хүчээр бие болоод сэтгэлээрээ ариусан хоосон чанарын туйлд хүрч, туйлын их гэгээрэлд хүрэхийн бэлгэдэл оюуныг хайрлан өгдөг аж.

_MG_3240.JPG
_MG_3330.JPG

Очирваань

Монголоор Мутартаан очирт гэдэг. Амаа ангайж, дөрвөн соёог ярзайлган, хэлийг хуйлруулсан, гурван мэлмийг догшруулсан, баруун мутартаа таван үзүүрт очирыг огторгуйд далайж, зүүн мутараа зүрхэн тус газраа хумиж, хөх өнгийн цээживч, барын арьсан хормогч өмсөн, зүүн хөлөө сунгаж хилэнцэт догшин амьтдыг даран гишгэсэн сүрт байдлаар, бадарсан их галын дунд оршино.

Анх Абтай сайн хан Төвд оронд морилж Далай ламаас залж ирсэн хэмээдэг. Монголчууд Отгонтэнгэр уулыг Очирваань хэмээн сүсэглэн дээдэлж ирсэн бөгөөд байдлыг нь үзвээс хар хөхөмдөг уул ажээ. Баруун хойд биед оршдог бага Отгонтэнгэрийн Дөрөө хэмээх салбар уул нь баруун гараа огторгуйд мандаан таван салаатай очир барьсан дүртэй ажээ. Ар биеийн үргэлжлэл болох Хүрэн ороонго хэмээх уул нь зүүн гараа зүрхэндээ авсан байдалтай харагдана.  Зүүн урд орших Цаст хан уул нь зүүн хөлөө жийсэн янзтай. Баруун бэлд нь Эрээн, Чулуут хэмээх асга мод байдаг нь барын арьс нөмөрсөн мэт донжтой. Оргил зүмбэрийнх нь зүүн дороос өглөөний наран мандаж, баруун доод биед нь оройн галт наран титэмлэн жаргадаг нь гал ноцох мэт харагддаг учраас Очирваань бурханы бүрэлбаа хэмээжээ. Монгол орныг даасан Ядам бурхан учраас айл өрх бүр хоймортоо залдаг. Очирваань бурханы зүрхэн тарни нь “Ум базар ваани хум пад, Ум дүра гани сууха, Ум жилаа тэү сууха” бөгөөд арван зүгийн хар хорыг тасалж, очир лугаа адил мандан бадрахын ерөөлийг агуулна.

Зөөлөн эгшигт буюу Манзушри

Эрдэм мэдлэг оюун ухааны бурхан бөгөөд монголоор Зөөлөн эгшигт хэмээнэ. Баруун мөрөн дээрээ буруу үзэл ба мунхаг харанхуйг арилгагч сэлэм, зүүн мөрөн дээрээ Бадамлянхуа цэцэг, түүний дээр төгс гэгээрэлд хүрснийг илтгэх “Пражняпрамита” судар тавиастай байдаг. Буддын уламжлалд Жанрайсиг, Очирваань, Манзушир бурхадаар гурван эрдэнийг төлөөлөн бэлгэддэг. Манзушир нь бодьсадвагийн 10 газрыг төгс туулж гарсан учраас бурхан багшийн адил төгс гэгээрэлд хүрсэн ажээ. Манзушир бурханы тарнийг тоолон уншвал ухамсарыг тэлж, билэг оюуныг хурцалж, мэтгэлцэх урлаг, ой тогтоолт, тайлбарлан таниулах, задлан шинжлэх зэрэг оюун ухааны бүх чадварыг хөгжүүлэх адислалтай хэмээдэг. Манзуширын догшин дүр нь Жигжид бурхан юм. Хятадын нутаг дахь Утай уулыг Манзуширын орон гэдэг. Манзушир бурханы зүрхэн тарни нь “Ум ара база на ди, ум яани ли яа сууха” бөгөөд байнга уншиж байвал харанхуй мунхагаас гэтэлж, оюун ухаан сайжран тэлнэ хэмээдэг.

_MG_3363.jpg

©2025 by Соёмбо сүм. Powered and secured by Tunamal Zinka

  • Youtube
  • Telegram
  • Whatsapp
  • Facebook
bottom of page