top of page

Улс төрийн их хэлмэгдүүлэлт
Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,816 нь лам нар байв.
Тухайн үед эрх барьж байсан Монгол Ардын Намын (үүнд МАХН бас багтана) төв удирдлага нь Х.Чойбалсангийн шууд удирдлага дор ба нөгөө талаас шууд Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталины шахалтан дор олон арван мянган гэмгүй Монголчуудыг бөөнөөр нь аймаглан устгах коммунист яргаллыг энэ хэлмэгдүүлэлтээр үйлдсэн юм.
Монголын үндэсний эрх ашгийг ба тусгаар тогтнолыг хамгаалсан зохиолч, эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж байв. Энэ хэлмэгдүүлэлтээр тэр үеийн монголын сэхээтнүүд баривчлагдан шийтгэгдэж, олонхи нь цаазаар авахуулсан байдаг. Мөн Монгол дахь шарын шашны 700 гаруй сүм хийд коммунист хийрхлийн золиос болж сүйтгэгдэж сүм хийдээс оросуудын тоносон олон зуун ачааны тэрэг дүүрэн Монголын соёлын дурсгалууд ЗХУ руу ачигдсан байна. Үүний зарим хэсэг нь одоо болтол Санкт-Петербургийн Эрмитаж музейд 2 том танхим дүүрэн үзмэр болон дэлгэгдсэн.
Улс төрийн хэлмэгдүүлэлтийг 3 үе шатанд хуваадаг.
I үе шат, 1922-1939
Үндсэн өгүүлэл: Бодоогийн хэрэг
Үндсэн өгүүлэл: Данзангийн хэрэг
Үндсэн өгүүлэл: Лхүмбийн хэрэг
Үндсэн өгүүлэл: Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү нарын хэрэг
Үндсэн өгүүлэл: Буриадуудын хувьсгалын эсэргүү хэрэг
Эхний үе шат Монголын хувьсгалыг Зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ.
II үе шат, 1940-1955
Үндсэн өгүүлэл: Порт-Артурын хэрэг
Уг байгууллагыг татан буулгасны дараа Тусгай комиссыг байгуулснаар Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хоёрдугаар үе шат эхэлжээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсний ихэнхийнх нь хувь заяаг ЗХУ-д шийдэгджээ.
III үе шат, 1956-1990
Үндсэн өгүүлэл: Сэхээтний төөрөгдөл
Үндсэн өгүүлэл: Ц. Лоохууз, Б. Сурмаажав нарын намын эсрэг бүлэг
Үндсэн өгүүлэл: Д. Төмөр-Очирын хэрэг
Үндсэн өгүүлэл: Б.Ширэндэвийн хэрэг
Улс төрийн хэлмэгдүүлэлтийн 3-р үе шат нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэв. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Дарам-Очирын Төмөр-Очир, Ц. Лоохууз, Б. Сурмаажав, Х. Нямбуу, Л. Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн, нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх, нутаг заан цөлөх хэлбэртэй болсон юм. Энэ удаа хууль-хяналт, шүүх, прокурорын байгууллагын оролцоотой хэрэгжүүлэх болсон ажээ.
bottom of page
